Нийтлэсэн
1.
Монгол орны бичил
биетний ангилал зүйн судалгааны хүрээнд Японы эрдэмтэдтэй хамтран бичил биетний
8000 гаруй өсгөврийг ялган 5500 гаруй өсгөврийг орчин үеийн молекул биологийн
аргаар тодорхойлсон. Үүний үр дүнд бичил биетний нийт 358 төрөл буюу археагийн
5, актиномицетийн 66, бактерийн 81, дрожжийн 22, мөөгөнцрийн 178, хромистагийн 6
төрлийг олж тогтоосны дотор дэлхийн шинжлэх ухаанд шинэ болох актиномицетийн 1
төрөл, 8 зүйлийг илрүүлж олон улсын International Journal of Systematic and
Evolutionary Microbiology сэтгүүлд хэвлүүлсэн.
2.
Монголдоо хамгийн том
бичил биетний санг бүрдүүлсэн бөгөөд цаашид олон улсын жишигт нийцсэн сан
болгох зорилготой. Түүнчлэн, дээр дурдсан 5500 гаруй өсгөврийн рРНХ генийн
(мөөгөнцрийн ITS хэсгийн) секвенсийн мэдээлэл дээр тулгуурлан Монгол орны бичил
биетний мэдээллийн сан байгуулахаар ажиллаж байна.
3.
Экологийн судалгаагаар
Монгол орны бичил биетний тархалт, биологийн идэвх, олон янз байдлыг экологийн
нөхцөлтэй холбон өвөрмөц онцлог ялгааг илрүүлсэн. Эрс тэс нөхцлийн бичил
биетнийг онцгойлон судалж, янз бүрийн pH, давсны өндөр концентраци ба өндөр
температурт тэсвэртэй термофиль, ацидофиль, алкалофиль, галофиль,
галоалкалофиль бичил биетнийг илрүүлэн биологийн идэвхийг тогтоож,
биотехнологийн салбарт ашиглах нөөцийг бүрдүүлж байна. 2016 оноос психрофиль
бичил биетний судалгааг эхлэн хийж, манай орны цэвдэгт хөрсөнд Антрактидын
хөрс, мөсөн давхаргад тохиолддог дрожжийн зүйлүүд тархсан болохыг анх олж
тогтоосон төдийгүй шинэ зүйл болох магадлалтай өсгөврүүдийг илрүүлж, цэвдэгт
хөрснөөс ялгасан дрожжийн өсгөврүүд 0-28°С-д целлюлаза, липаза ферментийн
идэвхтэйг тогтоосон. Цэвдэгт хөрснөөс мөөгөнцрийн Cladosporium, Geomyces,
Penicillium, Phoma, Pseudogymnoascus, Helotiales зэрэг төрлүүдийг
илрүүлсэн.
4.
Генетик нөөц, инноваци,
биотехнологийг тэтгэх ашигт өсгөврүүдийг илрүүлэх чиглэлээр микробын эсрэг
идэвх, протеаза, амилаза, целлюлаза, аспарагиназа гэх мэт ферментийн идэвх,
ургамлын өсөлтийг дэмжих чадвар, хүнд металлыг тэсвэрлэх, хоргүйжүүлэх чадвар,
сүүн хүчлийн бактерийн пробиотик шинж чанар, ургамлын эндофит мөөгөнцрийн
алкалоид, флавоноид, сапонин зэрэг биологийн идэвхт бодис нийлэгжил зэрэг олон
шинж чанарыг судалж, биологийн идэвхтэй олон өсгөврийг олж тогтоогоод байна.
Улаанбаатар хотын бохирдол ихтэй цэгүүд болон алт, зэс, нүүрсний уурхайн
хөрсний дээжийг судлан кобальт, никель, зэс, хар тугалга хуримтлуулах чадвартай
бактери, актиномицетийн өсгөврүүд, арьс ширний хаягдал уснаас түүнд агуулагдах
будгийг задлах бактери болон хромыг хоргүйжүүлэх чадвартай бактерийн
өсгөврүүдийг илрүүлсэн. Монгол хүний өдөр тутмын хүнсний хэрэглээ болсон
төмсний жирийн цахлай өвчин үүсгэгчийг судалж Монголд Streptomyces
turgidiscabies-ийг цахлай өвчин үүсгэгчээр нэмж бүртгэсэн. 2009 оноос
Монголд анх эхлүүлсэн ургамлын эндофит бичил биетний судалгаагаар ургамлын
өсөлтийг дэмжигч, ферментийн идэвхтэй, бактерийн эсрэг биологийн идэвхт бодис
нийлэгжүүлэгч өсгөврүүдийг олж илрүүлэн цаашид үйлдвэрлэлд нэвтрүүлэх судалгааг
хийж байна.
5.
Бид судалгааг генийн
төвшинд гаргаж Монгол-Японы хамтарсан төслийн хүрээнд Actinoplanes
төрлийн актиномицетүүдийн поликетидсинтаз (pks-I & pks-II) ба
рибосомын бус пептидсинтетаз (NRPS) генүүдийг судалж, эдгээр өсгөврүүд
антибиотик нийлэгжүүлэх чадвараар өндөр төдийгүй шинэ антибиотик нийлэгжүүлэх
чадвартайг баталсан. Ангилалзүйн судалгаанд рРНХ ген, ITS хэсэг, булцууны
бактерийн судалгаанд азот шингээлт, булцуу үүсгэлтийн nifH, nodC
генүүдийн секвенсийг тодорхойлон ашиглаж байна.
6.
2020-2022 онд сүүн
хүчлийн бактерийн судалгаагаар сүү, уламжлалт сүүн бүтээгдэхүүний 38 дээжнээс
сүүн хүчлийн бактерийн 200 гаруй цэвэр өсгөврийг ялган, молекул маркер ашиглан
генийн түвшинд тодорхойлж, сүү бүрэлдүүлэх, экзополисахарид нийлэгжүүлэх, микробын
эсрэг идэвх зэрэг 14 технологийн болон пробиотик шинж чанарыг туршин судалсны
үр дүнд өндөр идэвхтэй өсгөврүүдийг сонгон, нутгийн омгуудаар пробиотик тарагны
хуурай хөрөнгө гарган авсан.
7.
Одоо манай лаборатори
8000 гаруй өсгөвөр бүхий бичил биетний цуглуулгыг бүрдүүлж, өсгөврүүдийг -800
С-д хадгалан ex-situ хамгаалж байна. Үүнд: мөөгөнцрийн 178 төрөлд
хамаарах 1275 өсгөвөр, дрожжийн 22 төрлийн 321 өсгөвөр, хромистагийн 6 төрлийн 73
өсгөвөр, актиномицетийн 66 төрлийн 2443 өсгөвөр, бактерийн 81 төрлийн 1437
өсгөвөр, археагийн 5 төрлийн 55 өсгөвөр байна.