2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлын 6 дугаар тогтоолоор хүрээлэнгийн бүтэц зохион байгуулалтыг нийт 9 лаборатори нэгжтэйгээр баталсан.
Монгол орны мал, биологийн төрөл зүйлүүдээс ховор болон устах аюулд ороод буй мазаалай баавгай, бөхөн зэрэг амьтдын генофондын судалгааг молекул генетикийн аргаар хийж, ангилалзүй филогенетик холбоог тогтоох, хамгаалах, ашиглах шинжлэх ухааны үндэслэл боловсруулахаас гадна зүйл, хүйс нь тодорхой бус дээжийг генийн аргаар илрүүлдэг.
Монгол хүнд элэгний хорт хавдар үүсэх молекул механизмыг эсийн олон төрлийн үйл ажиллагаанд оролцогч зарим генийн мутаци, хепатитын вирусүүдийн болон хувь хүний генетик онцлог зэрэгтэй уялдуулан судлаж эрт зөв оношлох боломжийг бий болгох, хорт хавдарын эсийн сан бүрдүүлэх чиглэлээр судалгааны ажлуудыг хийж байна. Мөн Монгол адуунд тархсан Flaviviridae-ийн овгийн Hepacivirus төрлийн шинэ вирусын судалгаа, хувиргасан амьд организм илрүүлэх, тодорхойлох болон биоаюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Монгол орны бичил биетний ангилал зүй, генетик нөөцийг судалж, шинжлэх ухаанд шинэ мэдлэг бий болгох, ашигт шинж чанаруудыг тодорхойлж, эдийн засгийн янз бүрийн салбаруудын инноваци, биотехнологийг тэтгэх өсгөврүүдийг илрүүлэх, бичил биетний үндэсний сан бий болгож, ex-situ хадгалан хамгаалах чиглэлээр ажиллаж байна.
Биологийн идэвхт бичил биетнийг зүй зохистой ашиглаж, шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой, байгальд ээлтэй технологи боловсруулж, биобүтээгдэхүүн гарган, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, байгаль орчны салбарт инновацийг хөгжүүлэх, биотехнологийн үйлдвэрлэлийн суурийг тавих чиглэлээр ажиллаж байна.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, уул уурхайн олборлолт зэрэг байгалийн хүчин зүйл болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр устаж ховордож буй эмийн, ашигт ургамлын төрөл зүйлийг хамгаалах, генетик нөөцийг нэмэгдүүлэх, ашигтай генийг таньж тодорхойлох, хоёрдогч метаболитыг нэмэгдүүлэх, ургамлын биотехнологийн чиглэлийн шинэ залуу боловсон хүчин бэлтгэхэд чиглэн ажиллаж байна.
Монгол оронд зонхилон тохиолдох экосистемийн төлөөлөл, ховор зүйл хөхтөн амьтад: монгол тарвага, цайвар үлийч, цоохор ирвэс, мануул мий, саарал чоно, аргаль хонь, хавтгай тэмээ, мазаалай баавгай, цагаан зээр, халиун буга, монгол бөхөн, хулан адуу, жижиг махчид, зарим мэрэгчдийн биологи, экологи, физиологийн судалгааг явуулж, амьтдын экосистемд гүйцэтгэж буй үүрэг, популяцийн тархац, динамикийг тодорхойлох, тогтвортой үржих, амьдрах орчныг сайжруулах, хамгаалах шинэ мэдлэг бий болгох, ховор, нэн ховор болон байгалийн тэнцвэрт ач холбогдолтой хөхтний нөөцийг хамгаалах, зохистой ашиглах төр засгийн бодлогын шинжлэх ухааны үндэслэл санал зөвлөмжийг боловсруулан ажиллаж байна.
Монгол орны шувууны зүйлийн бүрдэл, тэдгэрийн оршин амьдрах хэлбэр, биологи, экологи, шувууны гарал, үүсэл, байгалийн бүс бүслүүр, газар зүйн тархалтын онцлогийг тогтоох, агнуурын болон ховор зүйл шувуудын тоо толгой, нөөц, ховордлын зэрэглэл, байгаль аж ахуйн холбогдлын талаарх суурь судалгааг явуулж, ховор зүйл шувуудыг хамгаалах, зүй зохистой ашиглах арга замыг боловсруулан төр засгийн бодлого, шийдвэрт тусгах, залуу судлаачдыг бэлтгэх чиглэлийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэнэ.
Монгол орны шавьжийн олон янз байдлыг тогтоох, тэдгээрийн амьдрах орчны онцлогийг тодорхойлох, байгалийн голлох экосистемүүд тухайлбал, ой, ойт хээр, хээр, говь, цөлд зонхилон тархах шавьжийн бүлгэмдлийн онцлогийг тодорхойлох, зарим зүйл шавьжийн тархацын зураглал гаргах, тархалтын зүй тогтолыг илрүүлэх чиглэлийн онолын суурь судалгааг эрхлэн гүйцэтгэнэ.
Монгол орны усан орчны амьтан, ургамлын биологи, экологи, тархалт, нөөц, байгаль цаг уур, хүний нөлөөгөөр хувьсаж буй нуур, голын биоценозын өөрчлөгдөлийг илрүүлэх, тэдгээрийг хамгаалах, зөв зохистой ашиглах боломж, шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад оршино.
Монгол орны загасны аймаг, ус нуурын биологийн олон янз, төрөл зүйлийн орчны бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн идэш тэжээлийн холбоо, биоценозын хувьсал өөрчлөлт болон нийгмийн үйлдвэрлэл, зах зээлийн зохион байгуулалтыг судалж загасны нөөцийг зөв зохистой ашиглах, хамгаалах, загас, амьтан, ургамлыг нөхөн үржүүлэх шинжлэх ухааны үндэслэл боловсруулан ажиллаж байна.