Үйл ажиллагаа
Хөхтний экологийн лаборатори нь нэн ховор болон агнуурын чухал амьтныг бүс нутаг, тодорхой экосистемд нарийвчлан судлах, хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэх үндэс боловсруулах, биоценоз, экологи, популяцийн генетикийн нарийн чиглэлүүдээр судалгааг явуулдаг юм. Судалгааны ажлын шинжлэх ухааны түвшинг улам дээшлүүлэх, лабораторийн багаж хэрэгсэл болон хөхтний цуглуулгын санг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, гадаадын эрдэмтэд, судалгааны болон байгаль хамгааллын байгууллагуудтай хамтын ажиллагааг улам өргөтгөх, үндэсний хөхтөн судлаачдыг гадаад, дотоодод олноор бэлдэх зэрэг ажлуудыг ойрын үед хэрэгжүүлэхээр зорьж байна.
Өнгөрсөн 40 орчим жилд тус лабораторийн хөхтөн судлаачид дангаар болон гадаад, дотоодын эрдэм шинжилгээний байгууллага, судлаачидтай хамтран эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт зохиол, ном, товхимол 450 гаруй, эрдэм шинжилгээний өгүүлэл 800 гаруй, олон зуун хялбаршуулсан өгүүлэл бичиж нийтлүүлсэн. Мөн эрдэмтэн судлаачид өнгөрсөн хугацаанд хөхтөн амьтдын өргөн хүрээтэй судалгаа хийж, Монгол орны хөхтөн амьтны эрдэм шинжилгээний цуглуулгын сангийн үндэс суурийг бүрдүүлж, олон мянган үнэт биет цуглуулгатай болсон байна.