Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-17
  • 0

Судалгааны гол үр дүнгүүд

1.                       Тус лаборатори нь олон жилийн судалгааны үр дүнд гарган авсан биологийн өндөр идэвхтэй дрожж, мөөгөнцөр, нэг эст ногоон замаг, бактерийн нутгийн омгуудыг судлан, биобэлдмэл гаргах технологи боловсруулж, хүнс, анагаах ухаан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ашиглах боломжийг бүрдүүлэх судалгаа хийж байна. Үйлдвэрлэлд ашиглах омгуудыг шинэ бүтээлийн эрхээр баталгаажуулсан. Нийт 27 Шинэ бүтээлийн патенттай.

2.                       Биологийн идэвхт бэлдмэл: А витамины урьдал нэгдэл болох, бета каротиныг нийлэгжүүлэх чадвартай дрожж, замгийн судалгаа хийж, каротиноидын гарцыг нэмэгдүүлэн, тэжээлийн нэмэлт бэлдмэлд ашиглах, хүнсний бүтээгдэхүүн  бохирдуулагч мөөгөнцөр болон хүнсний ногооны агуулах бохирдуулагч мөөгөнцрийн эсрэг антагонист идэвхтэй дрожжийг биологийн хяналтанд ашиглах, биобэлдмэл гарган авах мөн Монгол орны хөрснөөс ялгасан актиномицетийн биологийн идэвхт нэгдлийг паразит өвчин үүсгэгчдийн эсрэг идэвхийг турших, эмт бодис илрүүлэх зэрэг ажлууд хийгдэж байна.

3.                       Байгаль орчинд ээлтэй хаягдалгүй технологи боловсруулах:

Үйлдвэрлэлийн хоёрдогч түүхий эдүүдэд (шар сүү, спирт, пивоны шаар, хаягдал дрожж, хивэг) микробиологийн боловсруулт хийж, уураг, амин дэмээр баялаг малын нэмэлт нөөц тэжээл, хөрсний бүтэц, үржил шимийг сайжруулж, ургацыг нэмэгдүүлэх биобордоо гарган авах төсөлт ажлуудыг гүйцэтгэж, хаягдалгүй, байгаль орчинд ээлтэй технологийг боловсруулсан. Түүнчлэн тэжээлийн буурцагт ургамлын биобүтээмж, ногоон массыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй булцууны бактерийн омогтой болж, биобордоо үйлдвэрлэх технологийн заавар боловсруулан үр дүнгүүдээр шинэ бүтээлийн эрх авсан. Мөн хөрсний микробиологийн судалгааг явуулж, ашигтай бичил биетний нутгийн омгийг гарган хөрсний нөхөн сэргээлт явуулах, тариалангийн талбайн үржил шим, эрүүл төлөв байдлыг сайжруулах, таримал ургамлын өвчин үүсгэгчтэй тэмцэхэд хэрэглэх нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмэр оруулах, түүнээс шалтгаалан ирээдүйд гарах үр дагаваруудад дасан зохицох, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд түлхэц болох өндөр ач холбогдолтой. Зарим хөрсний бичил биетний нийлэгжүүлдэг экзополисахарид (ЭПС) нь хѳрсний бүтцийн үндсэн нэгж болох агрегатын үүсэл болон тогтвортой байдалд чухал үүрэгтэй учир энэ талын судалгааг эхлүүлэн, төсөлт ажил гүйцэтгэж байна.

4.                       Байгаль орчны нөхөн сэргээлт, биобүтээмж:  “Бүтээмжит бичил биетний биобэлдмэл”-ийг ашиглан Харгиа цэвэрлэх байгууламжийн бохир ус, лагийн бохирдлыг бууруулах төслийг хэрэгжүүлж, бохир ус, лаганд бичил биетэнг ашиглаж бохирдлыг бууруулах туршилтыг явуулахад хүнд, хортой элементүүд буурч, таагүй үнэр нь арилж, хөрсний бохирдлыг бууруулан, хөрсийг нөхөн сэргээх ажлын туршилгад суурилан лагийг шимт хөрс буюу бордоо болгох шинэ технологи боловсруулсан. Үүний үр дүнд  ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ- тай ШУА-ийн байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Цэвэрлэх байгууламжийн лагийг боловсруулах ажлыг гүйцэтгэж, нийт 30000м3 буюу 60000м2 лаг боловсруулсан. Эхний байдлаар 10000м3 боловсруулсан лаг 2100м3 шимт хөрс буюу бордоо болж Эрдэнэт үйлдвэр “Тэр бум мод” хөтөлбөрийн хүрээнд тариалж буй модны суулгацанд ашиглаж, лагийн талбайг чөлөөлөгдсөн төдийгүй суулгацны ургалтанд эерэг нөлөө үзүүлж байна.

5.                       Барагшуны судалгаа: Цэвэршүүлсэн, 33-35% чийгшилтэй өтгөрүүлсэн барагшуны бэлдмэлийн бактерийн эсрэг шинж чанарын судалгааг Унгар улсын эрдэмтэдтэй хамтарч төрөл бүрийн тэжээлийн орчинд, өөр өөр концентраци, pH=5.0-9.0 утганд Грам сөрөг (Acidovorax delafieldii, Serratia marcescens, Variovorax paradoxus) болон Грам эерэг бактериудын эсрэг бактерцид болон бактериостатик  идэвхтэй болохыг тогтоов.  Грам эерэг бактерийн эсрэг (pH=7.4) утга буюу саармаг орчинд маш өндөр идэвх үзүүлж байсан ба тэдгээрийн дундаас (B.subtilis, E.faecalis, S.aureus) хүний патоген өвчин үүсгэгч бактериудыг саатуулж байгаагаас үзэхэд барагшуны бэлдмэлийг бактерийн гаралтай халдварт өвчний эсрэг үйлчлэлтэй болохыг тогтоосон. Үр дүнг African Journal of Microbiology Research сэтгүүлд хэвлүүсэн. Барагшуны судалгаагаар №4367 шинэ бүтээлийн эрх  авч, Монгол Улсын Стандарт 3-ыг боловсруулсан төдийгүй үйлдвэрлэд нэвтрүүлэн хүн ардын эрүүл мэндэд тустай биологийн идэвхт бүтээгдэхүүн бий болсон.  

6.                        Эфирийн тосны судалгаа:  Монгол орны ургамлын эфирийн тосны микробиологийн судалгааг хийж, эфирийн тост ургамлыг илрүүлэх, улмаар хүнсний бүтээгдэхүүн бохирдуулагч, өвчин үүсгэгч бичил биетний эсрэг идэвхийг судлан, хүнсний бүтээгдэхүүний хадаглалт, гоо сайхан, ахуйн ариутгалын болон түүхийн үнэт зүйлсийг хамгаалахад ашиглах төдийгүй антиоксидант идэвхтэй байгаа нь цаашид исэлдэлтийн эсрэг эко бүтээгдэхүүн гарган авах боломжтой нь харагдаж байна. Судалж буй ургамлаас Намгийн сургар (Ledum palustre), Таримал батраш (Mentha piperita L), Сибирь гацуур (Picea obovata L) болон Эгэл нарс (Pinus sylvestris L) –ийн эфирийн тос нь бактери, мөөгөнцөр, дрожжийн эсрэг өндөр идэвхтэй, антиоксидант шинж чанартай болохыг илрүүлээд байна.

7.                       Байгалийн нөөцийг биологийн аргаар хамгаалах, биохяналт: Ойн амьтан, ургамал, бичил биетний бүлгэмдлийн олон янз байдлыг хадгалан, хөнөөлт зүйлтэй тэмцэхэд байгальд ээлтэй биологийн арга хэрэглэх нь чухал. Иймээс ойн хөнөөлт шавж хүрэнцэрт сонгомолоор үйлчилдэг kurstaki (Btk) талст уураг нийлэгжүүлэгч Bacillus thuringiensis-ийн омгийг илрүүлэн, бактерийн бэлдмэл үйлдвэрлэх технологийн туршилт, судалгаа хийж, “Био-дендро” бэлдмэл гарган цаашид хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.