Нийтлэсэн
Ургамлын биотехнологийн лаборатори нь нэн ховор 5 (Paeonia
lactiflora Pall., Acorus calamus L., Lilium martagon L., Sophora
flavescens Soland. Spongiocarpella grubovii Ulzij.,),
ховор статустай 6 (Glycyrrhiza uralensis Fisch., Paeonia anomala L.,
Sophora alopecuroides L., Valeriana officinalis L.,
Peganum harmala L. Lycium truncatum Wang.,) зүйл, мөн манай оронд
элбэг тархдаг хэдий ч эмийн түүхий эд болгон өргөн хэрэглэдэг Iris tenuifolia Pall., Thalictrum simplex
L., Salsola laricifolia Turcz. ex
Litw., Artemisia annua гэх мэт ургамлыг эс, эдийн аргаар өсгөвөрлөн
тэдгээрийг in vitro нөхцөлд үржүүлэх протокол боловсруулж, мөн тэдгээр
ургамлын зарим биологийн идэвхт нэгдлийн агууламжийг тодорхойлсон.
Тус лабораторийн хамт олон “Монгол орны зарим эмийн ургамлын эс, эдийн
өсгөврийн судалгаа (2011-2013)”, “Биотехнологийн аргаар гарган авсан Эмийн бамбайг
үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь” (2017-2018) инновацын төслийн хүрээнд эмийн бамбайг
биотехнологийн аргаар ургуулан бичил ургамал гарган авч, улмаар in vitro-с ex vitro (хүлэмж)-нд дасгахад өвөлжилтийн дараах амьдрах чадвар
75-85% байсан учраас ил талбайд шилжүүлсэн. Энэхүү ажлын үр дүнгээр “Эмийн
бамбайн (Valeriana officinalis L.)
бичил ургамлыг in vitro-с ex vitro (хүлэмж)-д шилжүүлж ургуулах
арга” нэртэй шинэ бүтээлийн патент-10-2014-0005279 (2014.02.24) авч, судалгааны
ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Эмийн бамбайг ил талбайд тарьж турших
ажлыг “Хөвсгөл Их Тайга” ХХК-тай гэрээ (2018.07.29) байгуулан, бичил ургамлын хүлэмжид
дэх суулгацыг 3000 төгрөгөөр хүлээлгэн өгч, Төв аймгийн Жаргалант сумын нутаг
дах эмийн ургамлын плантацид 2018-2019 онд шилжүүлэн тарьж хамтран ажилласан.
Тус лабораторийн судлаачдын биотехнологийн аргаар ургуулсан Эмийн бамбай
ургамлын үндэслэг иш нь байгалийн дээж ургамлынхаас 2 дахин илүү гарцтай байсан
бөгөөд “Зүрхний цай” гаргаж авахад туршин хэрэглэж үр дүнтэй болохыг харуулсан.
Ийм учраас эмийн бамбай ургамлыг биотехнологийн аргаар гарган авч, улмаар ил
талбайд шилжүүлэн ургуулах боломжтойг тогтоосон судалгааны багийн ажлын үр дүн
нь энэхүү ургамлын эмийн түүхий эдийг бэлтгэх, ховор статустай эмийн ургамлын генофондыг
хамгаалах зэрэг нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдолтой төдийгүй практикийн
чухал үр дүнтэй ажил болсон гэж “Их тайга” ХХК-с үнэлсэн.
Мөн “Нэн ховор болон ашигт зарим ургамлыг биотехнологийн аргаар үржүүлж,
хоёрдогч метаболитыг нэмэгдүүлэх судалгаа” (2014-2016), “Монгол орны зарим
ховор эмийн ургамлын генофондыг хамгаалах биотехнологийн үндэслэл” (2017-2019)
сэдэвт төслийн хүрээнд судалгааны багийн хамт олон Монгол орны нэн ховор
статустай, уламжлалт анагаах ухааны эм тан хийхэд өргөн хэрэглэдэг, 100 гаруй
биологийн идэвхт нэгдэл агуулдаг, хагас усны ургамал Эгэл годил өвсийг
биотехнологийн аргаар ургуулан үндэслэг ишний өсөлтийг нэмэгдүүлж, бичил
ургамал гарган авч, улмаар in vitro-с ex
vitro (хүлэмж)-нд дасган 2 жилийн өвөлжилтийн дараах амьдрах чадвар 95%-тай
байсан учраас ил талбайд шилжүүлэн туршиж
“Эгэл годил өвсний (Acorus calamus
L.) бичил суулгацыг эдийн өсгөврөөр гаргаж авах” нэртэй шинэ бүтээлийн
патент-10-0004708 (2019.04.30) авч, судалгааны ажлын зарим үр дүнгээр Энэтхэг
улсын эрдэмтэн судлаачидтай хамтран “Chromatographia (2016, IF-1,4)”, сэтгүүлд
өгүүлэл хэвлүүлсэн төдийгүй үндэслэг ишний транскриптом анализийн судалгааг
үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа билээ.
Эгэл годил өвсийг ил талбайд тарьж турших ажлыг эмчилгээ, судалгаа
үйлдвэрлэлийн “Монг-эм” ХХК-тай гэрээ (2018.09.11) байгуулан Төв аймгийн
Жаргалант сумын Мэндийн Үзүүр хэмээх нутагт байдаг эмийн ургамлын плантацид
2018-2019 онд шилжүүлэн тарьж амжилттай ургуулж хамтран ажилласан. Эгэл годил
өвсний ногоон масс, үндэслэг ишний хэмжээ нэмэгдэн 100% амьдралтай ургасан
бөгөөд цаашид эм тан хийх түүхий эдээр хэрэглэх боломжтой байгаа нь гадаадаас
авч хэрэглэдэг энэхүү ургамлын эмийн түүхий эдийг дотоодоос авч хэрэглэх, нэн
ховор статустай эмийн ургамлын генофондыг хамгаалах зэрэг нийгэм эдийн засгийн
өндөр ач холбогдолтой. Тус судалгааны ажлын үр дүн нь инновацийн бүтээгдэхүүн
төдийгүй төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд
хэрэгжүүлсэн онол-практикийн чухал үр дүнтэй ажил болсон.
Сүүлийн жилүүдэд доктор, дэд профессор Ю.Оюунбилэгийн удирдсан Оюутолгой ХХК-ийн захиалгат “Biodiversity Priority Plant Propagation
research service” сэдэвт төсөлт (2018-2022) ажлаар Өмнөговь аймгийн ховор
ургамлын төлөөлөгчид болох Spongiocarpella
grubovii Ulzij., (Грубовын хөөндий), Lycium
truncatum Wang., (Танамал махирс) зэрэг ургамлуудыг эдийн өсгөврийн аргаар
үржүүлэх, цаашид нөхөн сэргээлтэд хэрэглэх боломжийг тодорхойлох зорилгоор
эдгээр нэн ховор болон ховор сөөг ургамлыг эд, эсийн өсгөврийн аргаар үржүүлэх протоколыг
гарган авч, оюуны өмчийн патент мэдүүлэхийн зэрэгцээ тус компанийн байгалийн
ургамлын үржүүлгийн төвд амжилттай шилжүүлэн ургуулж эхлээд байна.
Мөн Agrobacterium-р дамжуулан ген шилжүүлэх аргаар Урал чихэр өвс,
Морин шарилжны глицирризин (beta-AS, HMGR
болон SQS) бa артемизининий (CPR, CYP71AV1
болон FPS) бионийлэгжилд оролцдог
генүүдийн экспрессийг нэмэгдүүлэх судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэж байна.