Нийтлэсэн
Баруун Монголын нэгэн аймагт Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний Төв
байгуулагдсан нь өнгөрсөн 50 жилд биологийн хүрээлэнгийн нэгэн том амжилт юм.
Загасгүй байсан Улаагчны хар нуурт тэжээлийн шинэ холбоо буй болж усны чөлөөт
тэжээл байсан элдэв хавч, хорхой, шавжийн авгалдай, зөөлөн биетэн зэрэг амьтдыг
махан бүтээгдэхүүнд хувиргаж Монгол орны загасны аймгийн төрөл зүйлийг шинэ эх
сүргээр баяжуулан байгалийн уурагт баялаг, хүнсний шинэ бүтээгдэхүүн бий болов.
Энэ ажлын хүрээнд гарсан зарим үр дүнгүүдээс дурдвал:
-
Улаагчны хар нуурын загасны нөөцийг түшэглэн “Пельд”
(Улсын бүртгэлийн дугаар 901152004) гарааны
компани байгуулагдан ажиллаж байна
-
Улаагчны Хар нуурт загас үржүүлж судлахаас гадна
Улаагчны Хар нуурын Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төв орчмыг
цэцэрлэгжүүлэх ажлын хүрээнд 2008 оноос эхлэн
чимэглэлийн цэцэг, улиас, улиангар, хайлаас, үхрийн нүд, чацаргана, шар
хуйс, гүйлс, бүйлэс, агч, лидэр, монгол хунчир, чихэр өвс, хар суль, царгас,
согоовор, өлөн, монос, удан бор, янз бүрийн бургас, хус зэрэг 20 гаруй төрлийн 2500 гаруй
суулгац, мод болон өвслөг ургамлыг
мөчир, суулгац, үрээр тариалсан нь нуурын эрэг орчмын элсний нүүлт, цөлжилтийг
сааруулахад хувь нэмрээ өгч байна. Цаашид ногоон хөгжлийн хөтөлбөрийн дагуу
жимс, жимсгэний мод тарималжуулах, ойн төгөл байгуулах аргаар элсний нүүдлийг
сааруулах, залуу ажилтан, оюутан нарыг практик – үйлдвэрлэлд сургах, эрдэм
шинжилгээ – үйлдвэрлэл – бизнесийн холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой
болох юм.
-
Сүүлийн жилүүдэд Улаагчны Хар нуурын гидробиологийн
мониторингийн судалгааг хийж, усны амьтдын биологи, оршин амьдрах экологийн
нөхцөл, тэдгээрийн улирлын хөдлөлзүй,
биоценозыг нарийвчлан тогтоов. Энэхүү
судалгаагаар 9 зүйлийн хүрд хорхой, 4 зүйл салаа сахалт хавч, 4 зүйлийн сэлүүр
хөлт хавчийг шинээр олсноор Улаагчны Хар нуурт нийт 4 анги, 9 баг, 19 овог, 34
төрөлд хамрагдах 59 зүйлийн хөвөгч амьтад
бүртгэгдэв. Эдгээрээс хүрд хорхой
(Rotatoria) 34 зүйл, салаа сахалт хавч (Cladocera) 14, сэлүүр хөлт хавч
(Copepoda) 11 зүйл байна. Монгол орны хөвөгч ховор амьтнаас -Pleuroxus
annandalei, Eucyclops dumonti, Eucyclops arcanus, Polyarthra luminosa,
Synchaeta stylata, Synchaeta oblonga зэрэг салаа сахалт хавч, сэлүүр хөлт хавч
болон хүрд хорхой шинээр олдов.
-
Улаагчны Хар нуурын ёроолын амьтны судалгаагаар 5 ангийн, 8 баг, 12 овгийн 44 зүйл бүртгэв.
Энд хялгасан хорхой 2 зүйл (Naisbarbata, Limnodrilus profundicola), хануур хорхой
5 зүйл (Erpobdella nigricolis, E. octoculata, Glossiphonia
complanata, G. heteroclita, Helobdella
stagnalis), зөөлөн биетэн 3 зүйл (Lymnaea ovata, Gyraulus gredleri borealis,
Euglesa casertana), шаймий хавч (Gammarus lacustris), хоовгон 4 зүйл (Agrypnia crassicornis, Limnephilus major Philarctus rhomboidalis, Oecetis ochracea), хирономид 28 зүйл байна. Ёроолын амьтдаас
хирономид ялааны авгалдай нь хамгийн олон зүйлтэй, нуурын янз бүрийн орчинд
тархаж амьдарч байна. Нуурын ёроолын 13-33 м гүнд саарал шаварлаг хурдсанд
ховор тархацтай 2 зүйлийн авгалдай (Chironomus nirgocaudatus, Lauterbornia coracina) амьдарч байна.
-
Загасны авгалдай болон өсвөр загасны тэжээлд
хэрэгцээтэй хөвөгч замаг (фитопланктон), нуурын ёроолын хөвд, хара замгаар
баялаг юм. Улаагчны Хар нуурт 16 овог, 18 төрөл, 28 зүйлийн усны ургамал нуурын
эргийн гүехэн хэсгээс нуурын гүний 20 м хүртэл тархан ургадаг болохыг тогтоов.
-
Энэхүү нууранд тархалт, зүйлийн олон янз байдлаараа
усан хөршийн төрөл тэргүүлдэг бөгөөд 8 зүйл усан хөрш байна. Нуурын эргийн гүехэн устай хэсгээр бага усан хөрш (Potamogeton pusilus), утсан
усан хөрш (Potamogeton filiformis), мөлхөө холтсонцэцэг (Ranunculus reptans), дунлиг сиймбий
(Batrachium circinatum) тархан ургана.