Цуглуулгын сан
Тус хүрээлэнгийн шавьжийн сан хөмрөгт өнөөгийн байдлаар монгол орны шавьжийн судалгааны түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан Герман, Унгар, Польш, Чех, Орос, Япон зэрэг орнуудтай хамтарсан хээрийн судалгааны дээж материалуудын эх хувилбар болох 100 гаруй мянган ширхэг цуглуулга, 3000 гаруй зүйл шавьжийн эталон материал хадгалагдаж байна.
Үүнд 1870 – 1917 онуудын хооронд монгол орны байгалийг сонирхон аялаж байсан жуулчдын болон Оросын Газар зүйн нийгэмлэгээс зохион байгуулсан судалгааны ажлын хүрээнд хуримтлагдсан шавьжийн цуглуулгын дээж, мөн монгол орны улаан номонд бүртгэгдсэн ховор зүйлүүд төдийгүй тус орны эндемик зүйл шавьж гэх зэрэг эдүгээ Монголын Байгалийн түүхийн музейд ч байхгүй ховор баримтууд багтаж байдаг.
Тухайлбал, Шавьж судлалын лаборатори байгуулагдсан үеэсээ эхлэн олон улсын судлаачдын хамт 2000 гаруй зүйл шавьжийг тус орноос шинжлэх ухаанд шинээр нээж байсан баримт, мөн сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд монгол орны өнцөг булан бүрээс цуглуулсан шавьжийн дээж материал хадгалагдаж байна.Эдүгээ Монголын нутаг дэвсгэрт 16 дэд овогт хамрагдах 60 төрлийн 372 зүйл жийгээ цох байгааг илрүүлсэн байдаг. Үүнээс 25 төрөл хамрагдах 131 зүйлийн 677 бодгаль жийгээ цох тус лабораторийн сан хөмрөгт хадгалагдаж байна.
Энэ овгийн төлөөлөгчдөөс дэлхийн хэмжээн дэх тархалт нь зөвхөн Монгол орны нутаг дэвсгэрийн хүрээгээр хязгаарлагдаж буй зүйлүүдэд Carabinae дэд овгийн Calosoma төрлийн Calosoma fischeri Fischer, Carabus төрлийн Carabus massagetus mongoliensis Obydov зүйл цох, Cicindelinae дэд овгийн Cicindela coerulea kaszabi гэх зэрэг нийт 20 гаруй зүйл цох байдаг.
Түүнчлэн доктор З.Касабын удирдсан экпедици монгол орны ихэнх нутгийг хамарсан аялал судалгаа хийж шавьжаас гадна хөхтөн, үет хөлтөн, бусад олон анги, багийн амьтан цуглуулж, судалгааны хэрэглэхүүндээ ангилал зүйн боловсруулалт хийхдээ 30-аад орны 180 гаруй эрдэмтдийг оролцуулж үр дүнгээр нь 500 гаруй бүтээл нийтлүүлсэн ба эдгээр бүтээл тус лабораторийн номын санд хадгалагдаж байна.