Монгол Улсад биологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, биологийн олон янз байдлыг хадгалах, нөөцийг тогтвортой ашиглах хамгаалах шинжлэх ухааны үндэслэл боловсруулан төрийн бодлогод тусган хэрэгжүүлэх, судалгааны ажлын үр дүнг үйлдвэр, үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлээр судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэдэг 50 гаруй жилийн түүхтэй эрдмийн хамт олны өмнөөс мэндчилье.
Шинжлэх Ухааны Академийн харьяаны амьтан, ургамал судлалын тасаг бүхий Биологийн хэлтсийг өргөтгөн Биологийн ухааны хүрээлэнг 1965 онд байгуулж, ургамал, амьтан судлал, палентологи, ардын эмнэлэг ба фармокологи, ботаникийн төв цэцэрлэгтэй байхаар бүтцийг тогтоож, Монгол орны амьд байгалийн зүй тогтлыг судлах, амътан, ургамлын нөөц баялгийн тархац, төрөл зүйлийг тогтоох, зохистой ашиглах, хамгаалах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах зорилт тавин ажиллаж эхэлсэн. Биологийн ухааны хүрээлэнгээс Ботаникийн болон Биотехнологийн хүрээлэн, Ардын эмнэлгийн хүрээлэн, Палентологийн төв, Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төв зэрэг байгууллага салбарлан хөгжсөн түүхтэй.
Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Монгол орны биологийн олон янз байдлыг хадгалах, амьтан, ургамлын аймаг, бичил биетний биологи, экологи, генетик онцлог, хавдар өвчний молекул механизм, генетик шалтгааныг тогтоох, шим мандлын хувьсал түүний амьдралыг тэтгэн буй системийг хамгаалах ач холбогдол, зүй тогтлыг судлан илрүүлж биологийн нөөц, баялагийг хамгаалах, тогтвортой ашиглах үндэслэл, биологийн идэвхит бүтээгдэхүүний технологи, инноваци бий болгох чиглэлээр эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажлыг гүйцэтгэж байна.
Та бүхэн энэхүү цахим хуудаснаа тус хүрээлэнгийн судалгааны чиглэл, эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүн, гарган авсан бүтээгдэхүүний талаар болон үе үеийн эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, цуврал бүтээлүүдтэй танилцах боломжтой.
Монгол орны байгаль орчин, биологийн олон янз байдлын хамгаалал зэрэг бүс нутаг, улс орны өмнө тулгамдсан олон талт асуудлыг шийдвэрлэх чиглэлээр төр, захиргаа, хувийн хэвшил, олон улсын болон гадаадын байгууллагуудтай хамтран ажиллахад бид бүхэн нээлттэй байх болно.
Энэхүү цахим хуудас Та бидний мэдлэг, мэдээллийг солилцох хамтын ажиллагааны талбар болно гэдэгт бид итгэлтэй байна.