Нийтлэсэн
Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн Ургамлын биотехнологийн
лаборатори нь 1988 онд “Ургамлын эс, эдийн өсгөврийн лаборатори” нэртэйгээр
байгуулагджээ. Тус лабораторийн эрхлэгч Д.Бадам-Oчирын санаачилгаар 1989-1994
онд “Меристемийн өсгөврийн аргаар вирусгүй төмсний анхдагч эх материал гаргах”
, “Тоосны өсгөврөөр буудайн гаплоид гаргаж авах”, “Ховордож буй эмийн ургамал
Алтан хундагыг /Adonis mongolica Sim./
in vitro нөхцөлд ургуулах, түүний
кариологийн судалгааг хийж, мейоз хуваагдлын онцлогийг илрүүлэх” гэсэн
чиглэлээр судалгааны ажлуудыг гүйцэтгэсэн байна.
Ерээд оны дунд үеэс тус лаборатори нь Молекул биологийн лабораторид
харьяалагдан доктор Бү.Дашням, Ц.Оюунсүрэн нарын удирдлагаар “Молекул биологийн
аргыг биологи, анагаах ухаанд хэрэглэх нь” суурь судалгааны сэдэвт ажлын
хүрээнд стресст тэсвэртэй улаан лоолийг эд, эсийн өсгөврийн аргаар гарган авах,
үхрийн нүд жимсийг меристемийн өсгөврийн аргаар үржүүлэх, мөн Чихэр өвс, Эгэл
өмхий өвс, Хризантемум, Цахирмаа цэцгийн клоны бичил үржүүлэг, каллусын өсгөвөр
зэрэг ажлуудыг хийж байсан.
2005 онд Ургамлын эсийн өсгөврийн лабораторийг дахин сэргээн байгуулж
Ю.Оюунбилэгийг эрхлэгчээр томилон ажиллуулсан байна. Энэ үеэс эхлэн абиотик болон биотик хүчин зүйлийн нөлөөгөөр
тархац, нөөц нь хумигдан нэн ховор, ховор, ашиглалтад өртөмтгий статуст орсон
Монгол орны эмийн ургамлуудыг биотехнологийн аргаар үржүүлж, in vitro нөхцөлд
генофондыг хадгалах, хамгаалах, чиглэлийн ажлыг гүйцэтгэсэн бөгөөд энэ
хугацаанд суурь судалгааны сэдэвт ажил-5, захиалгат төсөл-3, инновацийн
төсөл-2, грант төсөл-2-г удирдан хэрэгжүүлж 20 гаруй зүйл ургамлын эс, эдийн
өсгөврийн судалгааг хийж гүйцэтгэсэн байна.
Тус лаборатори нь 2017-2019 онд хэрэгжүүлсэн “Монгол орны зарим ховор эмийн ургамлын генофондыг хамгаалах биотехнологийн үндэслэл” сэдэвт ажлын хүрээнд ургамлын генийн инженерчлэлийн судалгааг хийж эхлүүлсэн бөгөөд Морин шарилж, Урал чихэр өвсний голлох нэгдлүүд болох артемизинин болон глицирризиний агууламжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил хийгдэж эхлээд байна. Мөн эмийн ургамал болох Эмийн бамбай, Эгэл годил өвс, Үнэгэн сүүлхэй лидэр болон нэн ховор сөөг ургамал Грубовын хөөндий, ховор сөөг ургамал Танамал махирс зэрэг ургамлуудын байгалийн нөөцийн хэрэглээг бууруулах, импортын түүхий эдийг орлуулах зорилгоор бичил үржүүлгийн аргаар олшруулж, инновацад чиглэсэн туршилт судалгааны ажлуудыг практикт нэвтрүүлж эхлээд байна.
Лабораторийн түүхэн зургуудаас
Ургамлын эс, эдийн өсгөврийн лабораторийн хамт олон (1988). Зүүн гар талаас: Х.Галбадрах, Л.Мандах, А.Мижидсүрэн, Ю.Оюунбилэг, Д.Бадам-Очир
Ургамлын биотехнологийн лабораторийн хамт олон (2020)
Зүүн гар талаас: Х.Алтанзул, Ц.Жанчив, Ц.Оюунсүрэн, Ю.Оюунбилэг
“Ургамлын биотехнологи-2014” эрдэм шинжилгээний хурал
“Ургамлын биотехнологи-2018” эрдэм шинжилгээний хурал
“Ургамлын биотехнологи-2022” эрдэм шинжилгээний хурал