Нийтлэсэн
Генетикийн
лаборатори 1969 онд Сайд нарын зөвлөлийн 43/5 тоот
шийдвэрээр байгуулагдан эрхлэгчээр
1969 онд тухайн үеийн ЗХУ-ын ШУА-ийн
Ерөнхий Генетикийн Хүрээлэнд Биологийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалаад ирсэн Д.Баатар томилогдон, эрдэм
шинжилгээний ажилтан Ц.Жанчив (1965 онд Мосвагийн Их Сургуулийн генетикч),
С.Мандах (1966 онд Тимирязевийн ХАА-н Академийн агрономич), Г.Сүхбаатар (1966 онд МУИС-ийн биологич) эрдэм
шинжилгээний туслах ажилтан Х.Түмэннасан (1969 онд тухайн үеийн нэрээр
Ленинградын Их Сургуулийн генетикч), Ц.Өлзийбаатар (1969 онд МУИС-ийн биохимич)
нарын бүрэлдэхүүнтэй, бүгдээрээ 30 нас хүрээгүй залуучууд ажиллаж эхэлсэн түүхтэй.
Тус лабораторийн үе үеийн эрдэмтэн судлаачид манай
орны мал сүрэг, бэлчээр, газар тариалангийн ургамлын ашиг шимийн гарцыг
дээшлүүлэхэд чиглэсэн генетикийн судалгааг эрхлэн хийхийн зэрэгцээ Монгол орны
генетикийн салбарын боловсон хүчин, судалгаа шинжилгээний материаллаг баазыг
бэхжүүлэхэд ихээхэн анхаарч ажилласан. Үүний дүнд 1978 онд тухай үеийн СЭВ-ийн
гишүүн орнууд, тухайлбал БНУАУ, ЗХУ-ын тусламжаар Генетикийн Лабораторийг тоноглож, БНАГУ, БНСРУ, БНУАУ, БНБАУ, БНСЧУ,
ЗХУ зэрэг орнуудад шинжлэх ухааны докторын зэргийг 4 ажилтан, боловсролын
докторын зэргийг 10 гаруй ажилтан
амжилттай хамгаалснаас дурдвал нэрт эрдэмтэн Академич Ц. Жанчив, Д. Баатар,
Доктор Х. Түмэннасан, Г. Саранцэцэг, А. Самбуу, Г. Сүхбаатар, Х. Төмөрбаатар,
Ц. Цэндсүрэн, Б. Мөнхтуяа нар тус лабораториас ажил, амьдралын гараагаа эхэлж
байв. Ийнхүү Генетикийн лабораторийн
хүрээнд амьтан, ургамал, хүн, молекул
генетикийн судалгааны багууд буй болж ажиллах болсон билээ.
Амьтны генетикийн хэсэгт Д.Баатар, Ц.Жанчив, Х.Түмэннасан, н.Пүрэвжав,
Г.Саранцэцэг, Бү.Дашням,
Ц.Цэндсүрэн, Ж.Хасболд, Ц.Өлзийбаатар
нар ажиллаж Монгол малын хромосомын судалгааг анхлан гүйцэтгэж нутгийн малын
генетик үзүүлэлтүүд, тухайлбал, цус, сүүний уургуудын удамшлын полиморф
хэлбэрүүд, тэдгээрийн давтамжийг Монгол орны байгалийн үндсэн бүс бүслүүрүүдээр
тогтоон үүлдрийн генетик тодорхойлолтыг гаргасан.
Антропологийн тасагт 1970-аад оноос Ж.Батсуурь Монголын хүн ам, ястан (халх,
казак, урианхай, дархад, тува, дөрвөд, буриад, баяд, дарьганга, захчин,
торгууд, өөлд, мянгад, барга, үзэмчин, хотон)-ы цусны уураг, ферментийн
удамшлын хэлбэрүүд, тодорхойлогч генүүдийн давтамж, тархсан онцлог зэрэг антропо-генетикийн судалгааг 15 000 орчим
хүнийг хамруулан хийжээ. Мөн Монголын
хүн ам, зарим ястны генетик үзүүлэлтүүдэд суурилан төрөл ойртолт (инбридинг)-ын
төвшинг тогтоож угийн зураглалыг гаргасан байна.
Анхны ургамлын генетикчид бол Г.Сүхбаатар, С.Мандах нар бөгөөд энэ группт А.Самбуу,
Г.Гарамбазар, Х.Төмөрбаатар, Ц.Оюунсүрэн, А.Шарав, Б.Лувсандагва нар ажиллаж
байв. Манай эх орны буудайн анхны сорт болох “Орхон”-ы ургацыг нэмэгдүүлэх
зорилгоор химийн мутагенийг ашиглан мутаци бүхий олон тооны ургамал гарган
авсан бөгөөд тэдгээрээс мутант-99, мутант-66 нэртэй шинэ удмыг сонгон Зүүнхараагийн САА-н үйлдвэрлэлийн талбайд их
хэмжээгээр тариалж ашиглан ургац авч байлаа.
Манай лабораториос
тус хүрээлэнгийн Молекул Биологи, Генетик Нөөц, Ургамлын Биотехнологийн лабораториудаас
гадна Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Хүн Судлалын Төв зэрэг
хэд хэдэн лаборатори салбарлан гарч өнөөг хүртэл Монгол орны шинжлэх ухааны
салбарт өөрсдийн хувь нэмрийг оруулан ажиллаж байна.
Түүнчлэн манай лабораторийн эрдэмтэн судлаачдын хүчин чармайлт, хөдөлмөрийн үр дүнд Монгол Улсын Их Сургуулийн Биологийн Факультетийн дэргэд “Генетик, Молекул Биологийн Тэнхим”-ийг 1989 онд санаачлан байгуулж, мэргэжлийн хичээл зааж олон мэргэжилтнийг бэлтгэхэд өндөр хувь нэмрээ оруулсаар байна.
ШУА-ийн Биологийн Хүрээлэнгийн захирал академич О. Шагдарсүрэн Генетикийн Лабораторийн нээлтийн үеэр үг хэлж буй нь
Г.Сүхбаатар нар буудайны мутац омгийг гаргаж авч байна
Академич Ц. Жанчив, академич Ц. Оюунсүрэн , Доктор Х.
Түмэннасан нар Японы нутгийн уугуул мал судлалын нийгэмлэг эрдэмтэдтэй хамтын
ажиллагааны үеэр