МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1961 оны 183 тоот тогтоолд заасны дагуу Шинжлэх Ухааны Академийн харьяанд 1961 онд Байгалийн ухааны хүрээлэнг Захиргаа, Хими, Физик, Биологийн секторын (а. Амьтан судлалын тасаг, б. Ургамал судлалын тасаг, Ботаникийн цэцэрлэгийн хамт) бүтэцтэй байгуулж, улмаар 1963 оноос Физик, Хими, Биологийн хүрээлэн болж салбарлан хөгжихөөр төлөвлөн, ирээдүйн хүрээлэнгийн бүтцийн бүдүүвчийг уг тогтоолоор баталжээ.
О.Шагдарсүрэн (1965-1972), (1974-1982) Д.Банзрагч (1972-1974) Ц.Жанчив (1982-1997), (2001-2015) Б.Дашням (1997-1999), (2000.1-5 сар) Ч.Дугаржав (1999) Я.Адъяа (2000-2001), (2015-2021) Д.Гантулга (2021-2024)
Тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар Г.Эрдэнэжав, Д.Банзрагч, Ц.Жанчив, Б.Дашням, Б.Намхайдорж, Д.Мягмарсүрэн, Г.Болд, Я.Адъяа, Л.Амгалан, Ч.Дугаржав, Б.Лхагвасүрэн, Б.Бадрах, Ж.Энх-Амгалан, Ц.Рэнцэнханд, Н.Саруул, Э.Ариунболд, Х.Алтанзул, Т.Адъяадолгор нар тус тус ажиллаж байв.
ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын харьяа Биологийн хэлтсийг өргөтгөн Биологийн ухааны хүрээлэнг ШУА-ийн Тэргүүлэгчдийн Хурлын 1965 оны 2-р сарын 12-ны 17 тоот тогтоолын дагуу Ургамал судлал, Амьтан судлал, Палентологи, Биологийн сорил, Ардын эмнэлэг ба Фармакологи, Ботаникийн төв цэцэрлэг, Фармакологийн лабораторитой байгуулжээ. “Шинжлэх ухааны талаар авах зарим арга хэмжээний тухай” БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Биологийн хүрээлэн хэд хэдэн удаа бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд хамрагдаж тус хүрээлэнгээс Ботаникийн хүрээлэн, Биотехнологийн хүрээлэн, Ардын эмнэлгийн хүрээлэн, Палентологийн төв, Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төв зэрэг байгууллага салбарлан хөгжсөн түүхтэй.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1972 оны 99, 1973 оны 175-р тогтоолыг үндэслэн ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлын 1974 оны 4-р сарын 29-ний өдрийн “Шинэ хүрээлэн байгуулах тухай” 23-р тогтоолоор Биологийн хүрээлэнг Ботаникийн хүрээлэн, Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн болгон салгах, Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнг 1 лаборатори, 4 тасаг, (биостанц 1975 онд) нийт 55 хүний орон тоотой байхаар тогтоож, хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлын чиглэл, зохион байгуулалтыг баталжээ.
ШУА-ийн Тэргүүлэгчдийн Хурлын 1987 оны 12-р сарын 8-ны 82 тоот тогтоолоор Биотехнологийн хүрээлэн байгуулагдсантай холбогдуулан Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнг Амьтан судлалын сектор, Ерөнхий генетикийн сектор, Хөхтөний экологийн сектор, Антропологийн сектор, Биостанц гэсэн бүтэцтэй байхаар тогтоож тус хүрээлэнгийн судалгааны ажлын чиглэл, сэдвийг баталжээ.
“Шинжлэх ухааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 1 сарын 22-ний өдрийн 31 тоот тогтоолоор шинжлэх ухааны байгууллагуудын бүтцэд хийсэн өөрчлөлт, ШУА-ийн Тэргүүлэгчдийн Хурлын 1997 оны 2 сарын 24-ний өдрийн 12 дугаар тогтоолын дагуу Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн, Биотехнологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Ой, ан судлалын хүрээлэн, Ботаникийн цэцэрлэг, Говийн гоц ашигт ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станц, Зүүн хараагийн туршилтын станцыг нэгтгэн ШУА-ийн харьяа Биологийн хүрээлэнг байгуулан ажиллах болсон.
Шинжлэх ухааны зарим байгууллагын бүтцийн өөрчлөлтийн тухай Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 9 дүгээр сарын 2-ны 138-р тогтоолд заасны дагуу ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн ботаникийн салбарыг Ботаникийн хүрээлэн болгон өргөтгөсөн. Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 270 дугаар тогтоолоор ШУА-ийн харьяанд Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийг байгуулсан.
Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 27-р тогтоолоор ШУА-ийн Биологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийг нэгтгэн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнг нийт 5 салбар 13 лаборатори, захиргаа аж ахуйн нэгжтэй, 158 орон тоотойгоор байгуулсан.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 8 сарын 14-ны 328-р тогтоолоор Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнг Биологийн хүрээлэн болгон өөрчилж 95 хүний орон тоотойгоор баталж, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг бие даасан хүрээлэн болгосон. Шинээр байгуулагдсан Биологийн хүрээлэн нь эдүгээ 9 лаборатори нэгжтэй үйл ажиллагаа явуулж байна.
Хүрээлэн байгуулагдах эхэн үед эрдмийн зэрэг цолтой 3 ажилтан байсан бол хөгжлийн 50 гаруй жилийн хугацаанд тус хүрээлэнгээс академич 8, шинжлэх ухааны доктор 5, доктор 90 гаруй төрөн гарчээ. Тус хүрээлэн нь албан ёсоор 95 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байгаагийн 80 нь эрдэм шинжилгээний ажилтан юм. Нийт эрдэм шинжилгээний ажилтнуудын 27.5 хувийг биологийн ухааны доктор (Ph.D) болон түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой ажилтнууд эзлэж байгаа ба 45%-ийг магистр, 27.5%-г магистрант, бакалавр эзэлж байна.
Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтны дундаж нас 35.2 буюу залуу үе давамгайлж байгаа ба хүйсийн ялгааг авч үзвэл нийт 80 эрдэм шинжилгээний ажилтны 27 буюу 34%-ийг эрэгтэй, 53 буюу 66%-ийг эмэгтэй ажилтан тус тус эзэлж байна.
Тус хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэн судлаачид Монгол орны амьтан, ургамлын аймаг, бичил биетэн, биологийн төрөл зүйл, тэдгээрийн экологи, генетик онцлог, молекул биологи, биотехнологи, эртний ба орчин үеийн монгол хүний антропологи зэрэг олон чиглэлийн судалгааны үр дүнг тусгасан 6000 гаруй эрдмийн бүтээлийг нийтлүүлжээ.
Дэлхийн 10 гаруй улс орны 40 орчим байгууллага, судалгааны төвүүдтэй хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгийг байгуулан хамтарсан төслийг хэрэгжүүлж, боловсон хүчний мэдлэг чадавхыг дээшлүүлэх, лаборатори нэгжийн материаллаг баазыг бэхжүүлэх, хамтарсан судалгааны ажлын үр дүнг дэлхийн нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэх зэрэг асуудлаар тодорхой амжилтад хүрч, хамтын ажиллагаа тогтмолжин хөгжиж байна.